Бидний нөхдийн зүрх шимшрүүлж, тархи буцалгасан тэмцэл нэгэн жарны настай байсныг би орь ганцаараа үлдэн гэрчлэв
S.Oyundari
1 долоо хоногийн өмнө
26/01/08 08:4016 уншсан
0 сэтгэгдэлЭнэ эрхэм хүмүүний тухай өдгөө бид сайн мэдэх билээ. Дилов хутагт өөрийн амьдрал замналаа эгэл энгийнээр намтар болгон бичиж үлдээсэн нь ч буй. Харин мэдэхгүй ч байж мэдэх, мэдүүлэхийг хүсээгүй ч байж мэдэх хэдэн зүйлийг энд сөхсүү.
Тэрээр 22 настай гэцэл сахилтай байх үеэсээ Богд гэгээнтний чинад нууц Да байв. Мөн Манж, Төвөд, Хятад, Англи, Орос, Франц хэлэнд нэвтэрхий сайн, тагнах, мөрдөх, мэдээлэл цуглуулах, зүсээ хувиргах, гардан тулаан, зэвсэг эзэмших, итгүүлэн үнэмшүүлэх онцгой чадвартай нэгэн байж.
Түүнийг “доль Дэмбэрэл” гэгч нэгэн байсан гэх нь ч бий. Домог шиг яригдах доль Дэмбэрэл нь 40 хэргэм настай харагддаг, нэг муу хар гэртэй, ядуу гутуу, авир ааш муутай, очир гүйлгэж, зэд тавьж, хараал жатга илрүүлж, хар бурууг олж тонилгодог, аг тарнийн эрдэмд нэвтэрсэн нэгэн гэлцэн аман хууч яриад үлдэж ээ. Гэвч түүний зураг, сураг, уг гарвал, амьдрал замнал, бат нот баримт сэлт үгүй юм. Нэг мэдэхийн хүрээнд хурал номд сууж харагдана, нэг мэдэхэд хоосон хар гэрт нь золбин ноход үүрлэчихсэн эзгүй байна. Түүний хараал жатга илрүүлсэн явдлууд нэгээр тогтохгүй. Богд хүртэл залж байсан удаатай. Сайн ноён Намнансүрэнгийн хоёр агь үл мэдэх шалтгаанаар хөнөөгдөж, ноён өөрөө өвчинд ороогдон бэрх байхуйд Богд гэгээд доль Дэмбэрэл гэгчийг “Эл олон хэргийг улайтган илрүүл” хэмээн илгээсэн байх. (“Өвгөн Жамбалын яриа” ном, аман хууч зэргээс тоймлов). Тийм эрдэм чадалтай хүнээс хэсэгхэн баримт ч үлдээгүй нь хачин. Дилов хутагт Башлуугийн Жамсранжав нь тэр доль Дэмбэрэл гэгч байсан эсэхийг хэн ч мэдэх аргагүй. Бас үгүйсгэх арга байхгүй.
Дилов хутагт тоочоод барамгүй олон удаа сөрөг, суурин, хавсарсан тагнуулын ажил гүйцэтгэж байсныг өдгөө бид мэднэ. Тэр хэзээ ч баригдаагүй, мэдэгдээгүй гэдэг нь олон ур чадвар эзэмшсэний баталгаа билээ. Дипломат харилцаанд хэнийг ч өөрийн нөлөөнд оруулж чаддаг нь бас нэг гайхамшиг гэлтэй.
Тэр олон улс орны олон төр шашны тэргүүний дэргэд зөвлөж, нөхөрлөж, амьдарч байсан цор ганц Монгол хүн байж мэднэ. Мөн тэрээр 1901 оны “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”-ий үр хөврөлөөс 1961 онд Монгол улс НҮБ-д албан ёсоор элсэх хүртэл Монгол улсын тусгаар тогтнолын бүхий л үе, нухчаа, оролдлогыг биеэр туулсан цор ганц гэрч байж мэднэ.
“Тусгаар Тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхын киноны Дилов хутагт Башлуугийн Жамсранжавын дүрд МУСТА жүжигчин Э.ТОДГЭРЭЛ....Todgerel Erdenetuya
Зургийг: Gansukh Amgalanbaatar
Дүрийн хувцсыг: Дөрвөн арвайт брэнд
Нийтлэл бичсэн: Todko Samson
Сэтгэгдэл үлдээх
Хайлт хийх
Их хандалттай
-
ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ
- 26/01/12
-
Гэрэл рүү сэл
- 26/01/18
Сэтгэгдлүүд (0)