Joy.mn
0%

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Жоётой хамт :)

Хайлт хийх!
Холбоо барих
Утасны дугаар 0, 0
Имэйл None
Хаяг 1
Биднийг дагах

Гадаад мэдээ

Гэрэл рүү сэл

Гэрэл рүү сэл

Images
Нийтэлсэн:
.
Нийтэлсэн огноо:
1 хоногийн өмнө
26/01/18 19:58
Хандалт
9 уншсан
0 сэтгэгдэл

1917 оны аравдугаар сард Италиас Нью-Йорк руу цагаачдыг тээвэрлэж явсан зорчигчийн хөлөг онгоц Атлантын далайд хүчтэй шуурганд өртөв.
Онгоцон дээр 28 настай мужаан Антонио Руссо, түүний тавхан настай охин Мария хоёр байлаа. Антониогийн эхнэр хоёр жилийн өмнө төрөхдөө нас барсан бөгөөд Америк бол түүний хувьд ядуурлаас мултрах, охиндоо Итали улсад өгч чадаагүй ирээдүйг бэлэглэх сүүлчийн найдвар нь байсан юм.
Шөнийн 2 цагт аварга том давалгаа тавцанг нөмрөв. Ус гуравдугаар зэрэглэлийн зорчигчид унтаж байсан доод хэсгүүдийг дүүргэж, онгоц огцом хазайж эхэллээ. Коридорууд хашгираан, орилолдооноор дүүрч, хүмүүс шат руу сандран дайрч, бие биенээ түлхэн гишгэлж байв. Антонио Марияг орноос нь шүүрэн авч, нэмэгдэж буй уснаас дээш өргөн урагш тэмүүлэв. Гэвч хүн хэт олон, урсгал хэт хүчтэй, онгоцны налуу хэт огцом байлаа.
Антонио аймшигтай үнэнийг ойлгов: тэд аврах завинд хүрч чадахгүй.
Хэдхэн минут л үлдсэн байв.
Тэр эмх замбараагүй байдал дунд шуурганд хагарч нээгдсэн иллюминатор (онгоцны жижиг цонх) -ны дэргэд хүрч очлоо. Тэнд дөнгөж л нэг хүүхэд багтах зай байв. Түүний цаана харанхуй, мөстэй Атлантын далай цэлийж, алсад усан дээр тусах прожекторын гэрлүүд харагдана — аврах завинууд ойртож байлаа.
Антонио Мариаг харлаа — айж сандарсан, уйлж, ээжийгээ дуудан, түүнээс зуурч байсан охиноо.
Тэгээд тэр амьдралыг нь тодорхойлох сонголтыг хийв.
Антонио охиноо иллюминатораар түлхэн гаргалаа.
Мария далайд унахдаа орилов. Антонио шуурганы чимээг даван хашгирлаа:
— “Сэл, Мария! Гэрэл рүү сэл! Онгоцууд ойртож байна! Сэл охин минь"
Тэр охинд нь боломж байгааг мэдэж байв.
Өөрт нь тийм боломж байхгүйг ч бас мэдэж байлаа.
Онгоц долоон минутын дараа живсэн юм. Антонио Руссо гуравдугаар зэрэглэлийн 117 зорчигчийн хамт усанд живжээ. Түүний цогцос хэзээ ч олдоогүй.
Мария Руссог дөчин таван минутын дараа уснаас гаргасан бөгөөд тэр хүнд хэлбэрийн осголт хөрөлтөд орж, живэхийн даваан дээр байсан ч амьд байв. Түүнийг хөнжилд ороон, эмнэлгийн хөлөг онгоцонд хүргэжээ. Тэр тавхан настай, өнчин, сэтгэл санааны гүн шархтай, танихгүй оронд ирсэн, англи хэл огт мэдэхгүй охин байлаа.
Тэр аавынхаа сүүлчийн үгийг л санаж байв:
“Гэрэл рүү сэл.”
Марияг Нью-Йоркийн өнчин хүүхдийн асрамжид байрлуулжээ. Олон жилийн турш тэр аав нь магадгүй амьд байгаа гэж итгэдэг байв. Антонио Руссод яг юу тохиолдсоныг хэн ч түүнд хэлж чадахгүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд найдвар нь эргэлзээ болж, улмаар өвдөлт болон хувирчээ. 
Тэр аймшигтай бодолд итгэж эхэлсэн юм — аав нь түүнийг хаясан, далайд шидэхдээ өөрт нь хэрэггүй болсон гэж.
Тэр энэ итгэлтэй хорин таван жил амьдарсан.
Үнэн түүний гучин насанд хүрэхэд ил болов. 
1917 онд живсэн онгоцны зорчигчдын жагсаалтыг судалж байсан нэгэн мөрдөгч амиа алдсан хүмүүсийн дунд Антонио Руссогийн нэрийг олжээ. Тэр үед л Мария аав нь юу хийснийг, өөрийгөө амьд үлдээхийн тулд амиа зольсныг ойлгосон юм.
Мария Руссо 2004 онд, ерэн хоёр насандаа таалал төгсөв.
1995 онд, наян гурван настайдаа тэр хөлөг онгоцны сүйрлийн талаар ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ:
“Би аавыгаа намайг алж байна гэж бодсон. Тэр намайг аварч байгааг ойлгоогүй. Олон жилийн турш намайг хаяж байна гэж бодсон. Харин үнэн хэрэгтээ тэр намайг бүх насаараа хамгаалж байсан юм.”
Мария гэрлэж, дөрвөн хүүхэд, есөн ач, зургаан гучтай болсон — харанхуй Атлантын далайд нэг хүн боломжгүй мэт сонголт хийсний ачаар төрсөн гучин нэгэн үр удам.
“Миний амьдралын төрсөн өдөр бүр, баяр хөөртэй агшин бүр - аав минь өөрөөсөө илүү намайг сонгосны үр дүн. Би шөнө бүр иллюминатор дээрх түүний царайг хардаг. Тэр ‘Гэрэл рүү сэл’ гэж хашгирч байгааг сонсдог. Би далан найман жилийн турш гэрэл рүү сэлсэн. Тэр надаар бахархсан гэж найдаж байна.”
Антонио Руссогийн тухай түүний сүүлчийн үгс энгийн байлаа:
“Баярлалаа, ааваа. Надад амьдрал бэлэглэсэнд баярлалаа. Би танд хайртай.”
Зарим хайр амьдралаас ч урт настай байдаг.
Игорь Кошель.
Oрчуулсан Дуулгын Энхбор

Мэдээ танд ямар санагдав?
Тагууд: Гэрэл рүү сэл
  • Бусдад хуваалцъя:

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8