Чи бол онцгой: Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоох ёстой 4 шалтгаан

Охидын хамгийн түрүүнд хийхээ зогсоох ёстой зүйлсийн нэг бол яах аргагүй өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоох. Бид өөрсдөө тийм ч анзаардаггүй ч өөрийгөө бусадтай харьцуулах нь өөртөө хийж болох хамгийн муухай, харгис явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөр нэгэн охиныг хараад надаас илүү хувцаслаж уу? илүү хөөрхөн байна уу? надаас илүү тийм чадвартай юм уу даа гээд л олон талаас нь сонжиж өөрийгөө түүнтэй харьцуулж, заримдаа сайхан санагдаж, харин заримдаа сэтгэлээр унах үеүд олон тохиолддог. Хэрвээ энэ зүйл, чамд заримдаа эсвэл үргэлж тохиолддог бол яг одоо зогсох хэрэгтэй!!! Энэ чинь шудрага бус бас бидний амьдралд ямар ч үнэ цэнийг үлдээдэггүй.

Ийм учраас өөрийнхөө цорын ганц үзэсгэлэнтэй бие махбодио өөр бусадтай харьцуулахгүй байх 4 шалтгааныг чамд зориулан хүргэж байна. 😉

#1 Харьцуулалт өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг

Шинжлэх ухаан хүн өөрийгөө бусадтай харьцуулж байхдаа ямар мэдрэмж авдаг гэдгийг судалчихсан. Ямар мэдрэмжүүд өгдөг гээч? Атаархал, өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал гээд л цаашаа юу үргэлжлэхийг чи мэдэж байгаа… Ихэвчлэн бид өөрсдийн сул талыг бусдын давуу талуудтай нь харьцуулдаг. Гэвч тулаан ийм шудрага бус эхэлж болохгүй биз дээ?

#2 Чи бол онцгой

Нээрэнгээсээ чи бол онцгой!!! Хүн бүр өөр өөрийн гэсэн онцгой чанарууд болон авьяастай байдаг. Чамд ч гэсэн бий. Тиймээс бусад хүмүүсийн чадаад байгаа зүйлийг чадах гэж биш, өөрт байгаа тэр гялалзсан авьяасаа нээж илрүүлж олоод улам илүү гялалзуул…️️

#3 Өөрийгөө бусадтай харьцуулснаар чи буруу хүн дээр төвлөрдөг

Өөрийгөө бусадтай харьцуулснаар чи бусад хүмүүс дээр төвлөрдөг, өөр дээрээ биш. Уул нь өөрийнхөө гайхалтай чанарууд болон амжилт зорилго дээрээ төвлөрөх ёстой юм. Бидний удирддаг, авч явдаг, өөрчлөх боломжтой тэрхүү амьдрал зөвхөн биднийх, энэ амьдралдаа амжилт ололтоор дүүрэн аз жаргалтай өнгөрүүлэх ёстой байтал тэрхүү цагаа өөр бусад хүмүүсийн сайхан амьдрал дээр төвлөрч өнгөрүүлнэ гэдэг хичнээн харамсалтай.

#4 Аз жаргалыг устгагч

Бусадтай харьцуулж байхын оронд чи түүнээс олон хөгжилтэй, аз жаргалтай зүйлсийг хийж болох байсан. Тиймээс л энэ чиний хамаг эрч хүч, аз жаргалыг чинь ховх сороод авчихаж байгаа юм. Үүний оронд дэлгүүр хэсч дуртай хувцсаа аваад, эсвэл гоё дэвтэр худалдаж аваад өөрийгөө сайжруулах зорилгуудаа бичиж хадгалаад, эсвэл нэг үдэш өөрийнхөө гоо үзэсгэлэнг мэдэрч эрхлүүлээд, бүлээхэн ваннд хэвтээд амарч ч болох байсан. Тиймээс дараагийн удаа өөрийгөө бусадтай харьцуулж байхдаа “барьвал” шууд зогсоогоод тэр хүн дээрээ очиж ярилцаарай. Ингэвэл муу зуршлаа сайн болгож, шинэ найзуудтай ч болж болох юм.