Инээмсэглэлийн ид шид

Инээмсэглэл нь бусдад халдварладаг. Аз жаргалтай болгох ид шидтэй. Гайхалтай зүйл.
Өндөр хурдтайгаар харилцах болсон энэ үед бусадтай хэрхэн үр дүнтэйгээр зөв зүйтэй харилцаж, бусдыг удирдан чиглүүлэн, ажил амьдралдаа амжилт гаргахад “Цахим эринд найз нөхдөө хэрхэн өөртөө татаж бусдад нөлөөлөх вэ?” ном маш ихээр тусалдаг ба надад ч үнэхээр үр дүнгээ өгсөн номнуудын нэг. Ширээн дээрээс минь буухгүй байгаа энэ “даварсан” номноос уншаад ойлгосон, сурсан зүйлс их байгаа ч та нартайгаа хамгийн их таалагдсан хэсгээ хуваалцмаар санагдаад тэссэнгүй. Яг ямар хэсгийг нь хуваалцмаар санагдсан бэ? гэвэл ИНЭЭМСЭГЛЭЛ-ийн тухай. Инээмсэглэл үнэхээр бидний сэтгэл хөдлөлд нөлөөлж, аз жаргалтай болгож, бусдад сайхан сэтгэгдэл үлдээх гэх мэт гээд олон зүйлсд нөлөөлдөг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг учраас, ганцхан би бус бусад маш олон хүмүүс үргэлж инээмсэглэдэг дадал зуршилтай болоосой гэж хүсч байгаа учраас нийтлэлийг минь уншиж амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй. 💗💗

 

Бүх хүмүүсийг нэг зүйл дээр санал нэгдүүлнэ гэдэг нь үндсэндээ боломжгүй зүйл. Гэсэн хэдий ч, биднийг нэгтгэдэг нэг зүйл бий. Америкийн гоо сайхны академийн үзэж буйгаар, насанд хүрэгчдийн 99,7 хувь нь инээмсэглэлийг нийгмийн чухал хөрөнгө гэж үздэг. Хэдийгээр та төгс инээмсэглэдэггүй байсан ч энэ нь няцаахад хэцүү статистик тооцоо юм. Бид хөгжилтэй инээд, инээмсэглэлд татагддаг. Youtube-ийн бүх цаг үеийн хамгийн их хандалттай бичлэгүүдийн хоёр нь инээмсэглэлтэй холбоотой байдаг. Энэ бичлэгт бараг 2 минутын турш инээмсэглэл үргэлжилдэг. Бараг хагас тэрбум хандалттай энэ бичлэг бидэнд чухал зүйлийг хэлж өгч байна. Инээмсэглэл нь бидэнд таатай мэдрэмжийг илгээдэг. 

Хэрвээ би инээмсэглэвэл, бид бусдад тэдэнтэй хамт байхдаа, уулзахдаа, холбоотой байхдаа баяртай байгаагаа мэдэгдэж байна гэсэн үг юм. Энэ нь тэд эргээд бидэнтэй хамт байхдаа баяртай, жаргалтай байхад хүргэдэг. Урвайсан, нүүрээ буруулсан хэд хэдэн хүмүүсийг харсан хэн нэгний хувьд, таны инээмсэглэл яг л үүлэн дундуур гарч ирж буй нар мэт юм. Таны инээмсэглэл таны сайн сайхны хамгийн эхний дохиог илгээгч юм. 

Мэдээж бид үргэлж инээмсэглэмээр санагдахгүй л дээ, гэхдээ хэрвээ бид хичээж үзвэл, эргэн тойрныхоо хүмүүсийг зөвхөн аз жаргалтай болгоод зогсохгүй, өөрсдийгөө ч бас илүү аз жаргалтай болгох юм. Та магадгүй тийм ч нээлттэй, оргилуун хүчтэй нэгэн биш байж болох ч, энгийн нэгэн инээмсэглэл тун багахан оролдлого шаардаж, хариуд нь маш их зүйлийг бий болгож чаддаг. 

Инээмсэглэх ямар ч зардалгүй боловч бусдад тун ихийг өгч чаддаг. Үүнийг өгснөөр ядуурахгүй, харин авсан нэгэн нь баян болно. Инээмсэглэхэд ганц л хором хэрэгтэй. Гэтэл түүний дурсамж нь үүрд хадгалагддаг. Инээмсэглэх шаардлагагүй баян хүн гэж байхгүй, бас инээмсэглэх чадалгүй ядуу хүн ч гэж байхгүй. Инээмсэглэлийг гуйж, зээлдэж, худалдаж авч, хулгайлж болохгүй. Бусдад бэлэглээгүй инээмсэглэл ямар ч үнэгүй байдаг. Зарим хүмүүс танд инээмсэглэл бэлэглэх чадваргүй болтлоо ядарч, туйлдчихсан байж мэдэх юм. Тэгвэл та түүнд инээмсэглэлээсээ бэлэглэ, бусдад өгч чадахгүй  болтлоо инээмсэглэлээр дутагдсан хүн ч гэж бас байдаггүй. 

Инээмсэглэ. Инээмсэглэл таныг үнэ цэнэтэй хүн болгох болно.

Бас нэг зүйлийг хэлэхэд хэрэв боломж бололцоо байвал заавал өөрийгөө хөгжүүлж байх номнуудыг авч уншиж, суралцаж, хуваалцаж байгаарай. Номноос сурч авах зүйлс хязгааргүй их бий.💗