Өсвөр насныханд хэрэгтэй 12 арьс арчилгааны зөвлөгөө

Өсвөр насандаа бид арьс арчилгааны олон асуудлуудтай тулгарах нь элбэг.

Батга гарах, нүхжилт үүсэх, сэвх нөсөө толбо гэх мэт арьсны бүхий л асуудлууд бидний өдөр тутмын буруу дадал зуршил, дутуу арчилгаа гэх мэт олон зүйлээс үүдэж үүсдэг. Мэдээж хэрэг өсвөр насанд чамаас ялгардаг гормоны нөлөө байгаа боловч бага зэргийн хичээл зүтгэл, тууштай аричлгаа, зөв мэдлэгтэй байхад цэвэр толигор арьстай байна гэдэг бодож байгаа шиг чинь тийм ч хүнд биш.

Өсвөр насны арьс арчилгааны асуудлууд үүдэж гардаг түгээмэл шалтгаанууд нь:

  • Арьсны төрөл
  • Арьс арчилгааны тогтмол дагах дэглэм
  • Насны онцлог буюу даавараас үүдэх
  • Хангалттай цэвэрлэгээ, арчилгаа хийхгүй байх

Өсвөр насанд бид ихэвчлэн арьсандаа асуудалтай болсон үед найз нөхдөөсөө эсвэл интернетээр мэдээлэл хайн түүнийгээ дагах нь элбэг. Гэвч сонсож, уншсан бүх зүйл үнэн байх нь ховор тул насанд хүрсэн хүмүүсээс, ээж, эгчээсээ асууж зөвлөгөө авах нь хамаагүй дээр. Тиймээс тэд ч гэсэн чиний насыг тойрч биш туулаад гарсан тул нээлттэй ярилцаж байгаарай.

1. Арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар тодорхой мэдлэгтэй байх

Өсвөр насных охид гялалзсан гоё савтай, элдэв зураг чимэглэлтэй бүтээгдэхүүнүүдэд татагдах тохиолдол цөөнгүй шүү дээ. Гэхдээ гадна талын хайрцаг савнаас илүүтэй дотоод найрлаг, өөрийн арьсны онцлогт тааруулж бүтээгдэхүүнээ сонгож байх ёстой. Буруу бүтээгдэхүүн сонгох нь арьсыг чинь илүү их асуудалтай болгож ч мэднэ.

2. Эрүүл, тэнцвэртэй хооллолтой байх

Ямар төрлийн хоол арьсанд сөрөг нөлөөтэй, ямар нь арьсыг чинь гэрэлтүүлж эерэг нөлөө үзүүлэх тал дээр мөн л мэдлэг дутмаг байдаг. Чипс, пицца, газтай ундаа, бургер, шарсан хуурсан хоолыг амтанд болж идэх нь түгээмэл. Гэвч амттай бүхэн эрүүл байдаггүйг санаарай. Дотроосоо юу иднэ, арьс чинь түүнийг л илэрхийлж харуулж байдаг. Хооллолтондоо илүү их загас, сүү, уурагаар баялаг хүнс, өндөг, жимс жимсгэнэ, хүнсний ногоог багтааж байгаарай.

3. Өөрийнхөө арьсны төрлийг оношлох

Арьсандаа тохирох бүтээгдэхүүн авч хэрэглэхээсээ урьтаж арьсны төрлөө оношлуулах хэрэгтэй. Арьсныхаа төрлийг зөв оношлосноор түүндээ тохируулан бүтээгдэхүүн авч хэрэглэвэл асуудал гарахаас сэргийлэх чухал зам болно. Гол нь хэт их химийн бодистой биш байгалийн гаралтай хөнгөхөн бүтээгдэхүүнүүдийг сонгохоо мартуузай.

4. Цэвэрлэгчээ зөв хэрэглэх 

Өглөө оройдоо нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлэж занш. Хүчтэй гуужуулагч, химийн бодис ихээр агуулсан цэвэрлэгч хөөс хэрэглэх нь зөвхөн арьсыг чинь эмзэгшүүлж улам л дордуулна. Хуурай арьстай бол тодорхой хэмжээний чийгшүүлэгч агуулсан цэвэрлэгч хэрэглэх, тослог арьстай бол тосны найрлагагүй цэвэрлэгч хэрэглэх гэх мэт.

5. Нарны тосны зохистой хэрэглээ

Нарны тосыг өдөр тутамдаа түрхэхгүй бол арьс чинь нөсөө толботой болж хөгшрөх үйл явц түргэсдэг. Гэрээсээ гарахдаа үргэлж нарны тос түрхэдэг дадалтай болоорой. Чухал нь өндөр чанартай, хамгаалалт өндөртэйг сонгож хэрэглэж байгаарай. Наранд гарахаас 15-20 минутын өмнө нарны тос түрхэх ёстой байдаг шүү. Тогтмол хэрэглэснээр цаашдаа үрчлээ, улайлт, сэвх нөсөөнөөс сэргийлж арьсаа залуугаар нь авч үлдэх боломжтой. 

6. Арьс арчилгааны тодорхой дараалалтай байх

Өдөрт нүүрээ доод тал нь 2 удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Цэвэрлэгээнийхээ дараа тонер, чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Тиймээс өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг тохирсон дараалалтайгаар хэрэглэж, өөрөөр хэлбэл цогцоор нь ашигласнаар үр дүнтэй. Энгийн арьс арчилгааны дараалал:

  • Юун түрүүнд арьсанд чинь шингэсэн бохирдол, тоос шороогоо угаагч хөөсөөр угааж цэвэрлэх нь зүйтэй. Учир нь арьсны гүнд шингэсэн бохирдлыг дутуу цэвэрлэвэл батга буюу бид бүхний мэдэх “хэцүү дайсан”тай тулгарна. Дээр дурдсанчлан арьсандаа тохирох бүтээгдэхүүнийг өглөө оройдоо хэрэглэснээр үр дүнтэй цэвэрлэгддэг.
  • Дараа нь тонер хэрэглэ. Цэвэрлэгч чинь цэвэрлэж чадаагүй арьсний гүндэх бохирдлыг тонер гүн цэвэрлэхэд тусалдаг. Хөвөнд тонероо шингээн арьсан дээрээ зөөлөн товших эсвэл арчих маягаар цэвэрлээрэй.
  • Эцэст нь чийгшүүлэгч хэрэглэх. Өсвөр насны арьс ихэвчлэн тослог байдаг учраас тос чийгшүүлэгч хэрэглэх хэрэггүй гэх худлаа ойлголт байдаг. Гэвч арьс хуурайших тусам өөрөөсөө илүү их тос ялгаруулж байдаг тул хуурай ч, тослог ч арьстай байсан тогтмол чийгшүүлэгч хэрэглэх ёстой.

7. Батгыг гарч эхлэх үед нь эмчил

Хэрвээ батганы асуудалтай байгаа бол битгий оролдож дур мэдэн шахаарай. Учир нь бид батгаа дутуу шахдаг тул цаашлаад эргэн тойронд нь бактери нь тархан илүү их гарахад хүргэдэг. Цаашлаад олон муухай сорвитой үлдэнэ. Тиймээс батгыг анагаах зориулалтын бүтээгдэхүүнээр эхлэж байх үед нь дарж байгаарай.

8. Бүтээгдэхүүн авахаасаа өмнө арьсны эмчид хандах

Бүхий л “сайн” гэсэн бүтээгдэхүүн чиний арьсанд тохирохоор бүтээгдээгүй байдаг. Хэт их тос, химийн бодис, үнэртэй бүтээгдэхүүнүүд харшил улайлт, эсвэл арьсны нүхийг бөглөж батга гарах шалтгаан болоод байдаг. Тиймээс хэрэв очиж байгаагүй бол арьсны эмчид хандан арьсаа оношлуулангаа ямар бүтээгдэхүүн тохирох талаар асууж зөвлөгөө авбал хэрэгтэй шүү.

9. Үргэлж чийгшүүлэгч хэрэглэ

Өглөө орой бүр арьсаа чийгшүүлж байх нь маш чухал. Гүн чийгшүүлэх үйлчилгээтэй зөв тос хэрэглэснээр арьсны чинь дээд давхаргад байрлах чийгийг хангаж гэрэлтсэн өөгүй болоход том үүрэг гүйцэтгэдэг.

10. Унтахаасаа өмнө будагаа арилгах

Будагтай унтаж огтхон ч болохгүй. Арьс чинь шөнийн тус амьсгалах боломжгүй байдаг бөгөөд арьсны нүхнүүдийг нь бөглөж бохирдол үүсгэдэг тул хичнээн ядарсан ч будгаа арилгахаас бүү залхуураарай.

11. Маш их ус уу

Өдөр бүр хангалттай хэмжээний ус уух зорилгыг өөртөө тавьж байгаарай. Ингэснээр бие чинь болон арьс чинь чийгээр хангагдах боломж үүсдэг. Өөрөөр хэлбэл дотроосоо ч гаднаасаа ч цэвэрлэгдэж, батга, сэвх нөсөөгүй гэрэлтсэн толигор арьстай болоход тусалдаг.

12. Амралт + дасгал хөдөлгөөн 

Энэ насан дээрээ чи хангалттай нойр авч дасгал хөдөлгөөн хийж эрч хүчтэй амьдралын хэв маягтай байх ёстой. Хичээл ном, мэргэжил, ирээдүйдээ зовох зовнил гээд олон асуудлууд жаргалтай мишээлийн цаана нуугдаж байдаг ч үргэлж эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж амралт, хөдөлгөөнд цаг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр тархи чинь амрахын хамт арьс чинь ч хамт амарч байдаг. Маш их ус ууж, эрүүл хооллолт, амралт болон дасгал хөдөлгөөнөөр биеэ тордон эрүүл амьдралын хэв маягтай арьс чинь цаанаасаа л гэрэлтэж эхлэхийг чи анзаарна.

Pinterest: Nuggwifee

Love,Joy.