Q&A: Өсвөр насныханд тулгардаг түгээмэл асуудлууд

Сайн уу? Удаан бодсоны эцэст уншичдадаа биечлэн зөвлөж, тусламаар санагдсан учраас саяхан Q&A зохион байгуулж олон асуултууд хүлээн авсан билээ. Үүнээс өсвөр насны хүүхэд бүрийн зайлшгүй мэдэж, ойлгох хэрэгтэй гэж бодсон асуултуудаа түүж энд чин сэтгэлээсээ хариулж бичлээ

#1 Уур бухимдлаа хэрхэн удирдах вэ? 

Юун түрүүнд уурлаж бухимдахаасаа өмнө үүний дараа гарах нөхцөл байдлыг тооцоолж биеэ бариарай. Эргэн тойрны хүмүүстээ биш ганцаараа байхдаа ямар нэгэн аргаар уураа гаргаж занш. Уур бухимдлаа дотроо хадгална гэдэг буруу. Бухимдахаасаа өмнө яагаад уурлаж байгаа,  ямар асуудал тулгарсныг, хэрхэн шийдэх талаар анхааралтай бодож үзээрэй. Уг үндсийг нь авчихвал уурлах шалтгаангүй болох болно.

#2 Асуудал, стресстэй, ганцаардсан үед намайг хэн ч ойлгодоггүй.

Өсвөр насны хүүхдүүдэд ганцаардах, хэн нэгнээс сэтгэлийн дэмжлэг хүсэх үе үргэлж гардаг. Гэхдээ хэн ч ойлгодоггүй гэж хэлэхээсээ өмнө хэн нэгтэй үнэхээр өөрийн сэтгэлээ нээж ярилцаж байсан эсэхээ санаарай. Хэрэв үгүй бол итгэдэг, дотны хүнтэйгээ ярилцаж өөрийгөө илэрхийлэх талаар бодож үз, магадгүй таныг ганцаардаж байгааг анзаарахгүй байгааг үгүйсгэхгүй. Ганцаараа байхдаа өөрийгөө хайрлаж, ном уншиж, дуу сонсох, жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч өөдрөг байх тал дээр өөрийгөө дэмжих хэрэгтэй.

#3 Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

Мэргэжлээ сонгохоосоо өмнө эхлээд өөрийгөө сайтар таньж мэдээрэй. Ямар хоббитой, ямар хичээлдээ илүү дуртай ба ямар хичээлдээ илүү сайн бэ?, би ямар чадвартай вэ? гэх мэтчилэн асуултуудыг өөрөөсөө асуугаад үз.  Хүсч буй мэргэжлүүдээ жагсааж бичээд алийг нь илүү дуртайгаар, жаргалтайгаар хийх вэ? гэдгийг мөн төсөөлж үзээрэй. 

Холбоотой: Өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдлөө хэрхэн олох вэ?

#4 Гадаадад суралцах тухай 

Гадаададад суралцахыг сайн сургуульд тэнцэн орж төгсөөд өндөр цалинтай ажилд орох мэтээр харж болохгүй. Гэрээсээ хол өөр орчинд, өөр хүмүүсийн дунд, өөр соёл заншилтай газар очих нь бидний нүдийг нээж, аливааг өөрөөр харж сэтгэхэд тусалдаг. Тиймээс гадаадад очоод ихэнхи хүмүүс “Хөөх, Манай Монголд ийм зүйл дутаад байдаг юм байна ш дээ” гэж харах чадвартай болдог. Зөвхөн суралцахын тулд бус, хандлагаа өөрчилж өөр нүдээр аливааг харахад тусалдаг учраас гадаадад суралцах болмжийг өөртөө нээх хэрэгтэй гэж боддог. 

#5 Өөрөө ч мэдэлгүй сэтгэл хямарч, гуниглах үед яавал дээр вэ?

Эхлээд шалтгааныг нь олох хэрэгтэй. Ихэчлэн энэ нь маш жижиг хүчин зүйлс байдаг нь шалгалтандаа унах, найзтайгаа муудалцах, хэн нэгнээс урам хугарах үг сонсох гээд олон зүйлс байж болно. Ийм үед өөрийгөө сэтгэл хямралаас чирч гаргаад эерэг гэгээлэг хийж болох зүйлсрүү чирч оруулж завгүй байлгах хэрэгтэй. Янз бүрийн асуудлуудыг дахин дахин бодож улам гутрах биш, спортоор хичээллэж, ном уншиж, сургалтанд сууж, өөрийгөө хөгжүүлэх гэж оролдоорой. Ингэснээр асуудлуудаа ч анзаарахаа больчихно.

Асуулт илгээсэн хүн бүртээ баярлалаа. Өөртөө итгэлтэй, хүчтэй байгаарай гэж бидний өсвөр насны уншигчиддаа аминчлан захъя️

Xx, Your Joy️ 

Something is wrong.
Instagram token error.
Load More