Битгий хүлээ. Яг одоо аз жаргалтай бай.

Нэг зүйлийг бид үргэлж л сонсч байдаг. Кинон дээр ч, номон дээр ч, ер нь хаа сайгүй бидэнд ирээдүйд, дараа нь бүх зүйлс сайхан болно гэж хэлдэг.

Жаахан байхдаа шүтэж мөрөөддөг байсан тэдгээр том хүмүүсийг хараад хурдхан өсч том болж яг л тэдэн шиг болох юмсан гэж байж ядна. Тэдгээр өдрүүдэд ирээдүйд болох гоёхон мөрөөдлүүд маань биелэхийг хүлээж өдөр хоногийг хичээлээ хийсээр харин тухайн “одоо” цагаа анзааралгүй өнгөрөөдөг.

Дараа нь ахлах сургуульд орно, сайн их сургуульд элсэж мөрөөдлөө биелүүлэхээр шалгалт шүүлэг, төгсөлтийн баяр, онц дүн гээд мөн л өсвөр нас маань дүүрэн ирээдүйд өвөртөлсөн биелэнэ гэж найдах итгэл найдвараар дүүрэн өнгөрч орхино.

Их сургуульд ороод өдөр хоногийг мөн л хичээл хийж, дүн авах гэж, боловсрол олж ирээдүйн сайхан амьдралаа хүлээн өнгөрүүлнэ. Их сургуулийн эдгээр өдрүүдэд хичээллэхээ больж хурдхан л төгсөж ажилд орж хүлээгээд буй тэр сайхан амьдралаа босгох гэж дахиад л хүлээнэ…

Ингээд ажилд орчихлоо. Одоо харин эхнэртэй/нөхөртэй болно, хүүхэдтэй болно, тэгээд нэг байр авчихвал эсвэл машинтай болчихвол миний мөрөөдөл одоо л яг биелэх нь ээ гэж дахиад л дуусашгүй их хөдөлмөрөөр итгэл найдвараа бий болгох гэж зориглоно.

Тэгээд үнэндээ бидний хүсч байсан зүйлс чинь бий болсоор байвч бид ханаагүй хэвээр л байдаг.

Тэгвэл бид хэзээ нь яг аз жаргалтай байдаг юм бэ?

Байшинтай л болчихвол…

Европоор аялчихвал…

Хүнтэй суучихвал…

Гадаадад очоод сурчихвал…

Өөрийнхөө бизнесийг эхлүүлчихвэл ч …

Хөөрхөн хүүхэдтэй болчихвол…

Үргэлж мөрөөдөж байсан шигээ ном бичиж хэвлүүлвэл…

Үнэндээ эдгээрээс би нэгийг нь ч хийгээгүй. Тэглээ гээд миний өнгөрсөн амьдрал шал хэрэггүй гарз болчихлоо гэсэн үг гэж үү?

Мэдээж үгүй. Тэгвэл яагаад бид амьдралдаа үргэлж л сэтгэл хангалуун бус, гоочилж бас аз жаргалыг ирэхийг хүлээж байдаг юм бэ? Мөн та ирээдүйд болохыг хүлээгээд буй тэдгээр “мөрөөдөл” -үүдээ биелэхийг нь хүлээж, хүсэж, цаг хугацааг өнгөрүүлж байхдаа “яг одоо” -оо мартчихдагаа анзаарсан уу? Миний бодлоор олон хүмүүс амьдралаа ингэж өнгөрүүлдэг. Одоогийн амьдралдаа гутарч, тэгсэн хэрнээ ирээдүйд бүх зүйлс хүссэн шиг нь сайхан болно доо гэж хүлээгээд л хүлээгээд л хүлээгээд л.

Гэхдээ миний хэлэх гээд байгаа зүйл бол,

Хэрвээ хүсч байгаа бол түүнийхээ араас яв. Тэр мөрөөдлөө бий болго. Бий болгохын төлөө одооноос хөдөлмөрлө.

Номоо гаргамаар байгаа бол одоо бичиж эхэл.

Гадаадад суралцмаар байгаа бол одооноос түүнийгээ судалж бэлдэж эхэл.

Аялалд гармаар байгаа бол мөнгөө цуглуулж эхэл.

Таныг яг юу зогсоогоод байгаа гээч?

-ТА ӨӨРӨӨ

Мөн өөрийнхөө тэдгээр нандин мөрөөдлүүдээ биелүүлэхээр зорьж байхдаа одоогийн амьдралаа ч битгий март. Яг одоо өөрт чинь байгаа бүх зүйлсээ үнэлж хайрлаж талархаж аз жаргалтай бай. Учир нь магадгүй бусдад байхгүй зүйлс ч танд байгаа, мөн эдгээр зүйлс чинь үүрд биш учраас, эдгээр зүйлс ирээдүйд эргээд харахад гайхалтай дурсамжуудыг бүтээдэг учраас “одоо цаг” -аа хайрла.

Эцэст нь гэж хэлэхэд аз жаргал ямар нэг хүнээс, ямар нэг эд зүйлсээс, эсвэл ямар нэг үйл явдлаас зөвхөн бий болдоггүй. Аз жаргал үргэлж таны дотор байдаг юм шүү, гагцхүү аз жаргалтай байх ёстой гэдгээ өөртөө өдөр бүр сануул, аз жаргалтай мөчүүдийг хүлээх биш бодитой болгоорой.

✨✨✨✨✨✨✨✨✨

Дуртай юмаа авч ид, дуртай газарлуугаа яв, хүссэн хувцсаа өмс, үргэлж мөрөөддөг мэргэжлээрээ сур, хийхийг хүссэн зүйлсээ хий. Учир нь та ганцхан л амьдрана шүү дээ.