Хичээл/сургуулийн стрессээс хэрхэн ангижрах вэ: 5 зөвлөгөө

Оюутан, сурагчдын хувьд хичээлийн жил тийм ч амар байдаггүй. Хийх ёстой олон бие даалт, эсээ, төсөлт ажлуудаар хүрээлэгдэн стресст автан суугаад хийхээсээ илүү ядарснаа мэдрэн суух хэцүү цаг үеүдийг бид бүгд давж өнгөрсөн. Тиймээс өнөөдөр оюутан болон төгсөх ангийн сурагчиддаа зориулж хичээлийн дарамт, стрессээс хэрхэн ангижрах талаар 5 чухал зөвлөгөөг бэлдлээ. 

#1 Өөрийгөө хайрлахад зав гарга

Зав муутай, стресстсэн тэдгээр үеүдэд өөрсдийгөө дайчлан мэдлэг боловсрол авахыг хичээх нь зүйтэй ч өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ анхаарахаа яавч мартаж болохгүй. Өөрийгөө хайрлана гэхээр дүүрэн хөөстэй ваннд хэвтээд янз бүрийн гоё маскнууд тавихаар төсөөлөхөөсөө урьтаж маш энгийн зүйлсээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь: нойр /хамгийн чухал нь/, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн г.м. Ингэснээр толгой өвтгөсөн хичээлүүдээсээ түр завсарлага аваад өөрийн бие организмдаа амралт өгч, эрүүл байж, толгойгоо амраах том дэвшил болох боломжтой.

#2 Эхлээд бодол, хандлагаа өөрчил

“Чи өөрийгөө стресстсэн гэж бодсоноор л стрессийг үүсгэдэг.” 

Бие даалтаа цагт нь дуусгаж чадахгүй нь гэж бодсоноор чи тархиндаа аль хэдийн өөрийгөө хоцорсон мэтээр төсөөлж сөрөг бодлуудыг үүсгэдэг. Ингээд л…Сайнуу? Стресс. Болоогүй байгаа зүйлийн төлөө өөрийгөө зовоохын оронд эерэг бодлуудаар өөрийгөө дүүргэж, би чадна, бүтээнэ гэж өөрийгөө дайчлаарай.

#3 Үүрэг даалгавраа бага багаар…

Өгсөн даалгаврыг яг өмнөх орой нь галзуу юм шиг хийдэг байсан үеэ санаарай. Хийхгүй хойшлуулсаар л гэнэт нэг өдөр олон даалгаврууд гарч ирээд маш том ангалд уначихдаг шүү дээ. Тиймээс бие даалт, даалгавруудаа жагсааж бичээд бага багаар, алхам алхмаар өдөр бүрээр хийх хэрэгтэй. Эсээ бичих ёстой бол эхлээд төлөвлөгөө, дараа нь эхлэл хэсгийг нь гэх мэтээр амжуулбал стрессээс холуур тойрох бас нэгэн арга болно.

#4 Эхлээд жижиг зорилгоос эхлэе

Би энэ жил заавал гадаадад сурах ёстой, заавал тэр сургуульд орох ёстой гэх мэт “арай” том зорилго тавьж өөрийгөө шахахаа болих хэрэгтэй. Үүний оронд авч буй дүндээ сэтгэл хангалуун байх, англи хэл дээр 2 дүрэм судлах г.м жижиг зорилгууд тавьснаар том зорилгодоо илүү хүрдан хүрэх нөхцөл бүрддэг.

#5 Тэнцвэр маш чухал

Хэдий хичээл чухал ч амралт мөн л чухал. Амрах үедээ амарч, хичээллэх үедээ чанартай хичээлээ хийж чаддаг байх ёстой. Байнгын суралцалгүй дунд 15 минутаар ч болов завсарлага авч толгойгоо сэргээж заншаарай.

Something is wrong.
Instagram token error.
Load More