7-р сард унших 3 “сэтгэл татам” сонирхолтой номнууд💫

 Өнгөрсөн сард бичсэн 3 номын тэмдэглэлээсээ хойш номын талаар бичилгүй уджээ. Гэвч зүгээр суусан юм биш, энэ сард уншиж танилцсан 3 гайхалтай номоо хуваалцъя. 

Joy нь уншигчдаа ном уншдаг, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм шүү. Хэрэв байдаггүй бол өөртөө заавал ном уншдаг дадлыг бий болгоорой. 

#1 Сахиусан тэнгэрүүд

Өөрийнхөө амьдралын туйлын зовлон бэрхшээл, өвдөлт гуниг шаналалаар дүүрэн хэвтэрт өнгөрүүлсэн хэдэн жилийг энэ номондоо илэрхийлэхдээ Пүрэвмаа тэр мөчүүдийг давж, тэр мөчүүдээс инээмсэглэх шалтгаан олж хараад, аз жаргалын хэлтэрхийг атгаж чадсан нь үнэхээр хачирхалтай бас бахархмаар санагдсан. Хамгийн чухал нь тэдгээр харанхуй өдрүүдэд өөрт нь дэм болж байсан сахиусан тэнгэрүүдийн ид шид хүч чадалд талархаж, мөн сахиусан тэнгэрүүд энэ дэлхий дээр байдаг юм шүү гэдгийг ойлгуулж өгсөн энэ ном ыг заавал олж уншаарай. Хэрэв олж харж чадвал амьдрал үнэхээр баялаг, инээмсэглэх шалтгаан үргэлж байдаг аж.

“Хүнд туслахын тулд баян байх ёсгүй юм байна.Хамгийн хүнд цагт хэрэгтэй зүйлээр туслах нь жирийн үед сая төгрөг өгснөөс ч илүү үнэ цэнэтэй байдаг юм.”

-Хуудас 115

#2 Норвегийн ой

Мүракамигийн номнуудад би хайртай. Бүр маш их хайртай. Тийм ч учраас номын дэлгүүрт энэ номны дэргэдүүр зүгээр л өнгөрчих нь болохгүй зүйл мэт санагдаад худалдаж авсан билээ. Өсвөр наснаасаа нөхөрлөж эхэлсэн Наоко, Ватанабэ хоёрын ээдрээтэй ч гэмээр, ойлгомжгүй ч гэмээр хайр дурлалын талаар өгүүлдэг. Магадгүй тэр хоёрын амиа егүүтгэсэн дотны найз нь тэдний хүсэл тэмүүлэл дүүрэн хайр сэтгэл дээр нь сэв суулгаж орхидог байж ч мэднэ. Энэ номыг уншиж дуусгах үед яг сэтгэлээс минь нэг хэсгийг эмтлээд аваад явчихсан юм шиг санагдаж билээ. Гэвч энгийн амьдралд оршдог амттай, аз жаргалтай мөчүүдийг мэдрүүлж чадсан гайхалтай зохиол. 

“-Мидори минь, би чамд маш их хайртай.

-Маш их гэж хэр зэрэг вэ?

– Хавар ичээнээсээ гарсан бамбарууш ямар өхөөрдөм байдаг билээ, яг л түүн шиг хайрладаг.”

-Хуудас 290

#3 Хүн өөрийгөө 1% л өөрчлөхөд амьдрал боломжоор дүүрэн

Өөрийн хандлага, зуршил, бодол үйлдлээ зөв талруу өөрчилснөөр өөртөө дэвшил хийж зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг энэ номноос сайтар ойлгоно. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсийг чин сэтгэлээсээ хийж, үр бүтээмжтэй ажиллаж, амжилтад хүрэх, цагаа зөв ашиглаж бусадтай үр дүнтэйгээр харилцах гэх мэт олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг багтаасан учраас заавал уншаарай гэж зөвлөе. Дээрээс нь уншиж байхдаа тэмдэглэл хийж, ширээний номоо болгоод тогтмол нээж харж байвал мөн маш их урам зориг өгөх ном.

“Бид бүтэлгүйтэх үедээ хамгийн ихээр суралцдаг. Гол нь бүтэлгүйтэл бус, уг бүтэлгүйтлийг шийдвэрлэх арга хэлбэр юм.”

-Хуудас 44

Инстаграм дээр дагаж урам зориг өгөх үгс, гэгээлэг мэдээллээс хоцролгүй байгаарай.

Load More
Something is wrong.
Instagram token error.