2018 он гарахаас өмнө хийж амжуулах 8 зүйлс

Шинэ он тун удахгүй гарах нь ээ…Бидний ихэнхи нь эргэж хараад 2017 он ямар хурдан өнгөрчихвөө, хийж бүтээх зүйлс илүү их байсан юмсан гэж халаглах нь түгээмэл. Эсрэгээрээ зарим нь хуучин оноо үдэж, шинэ онд шинэ адал явдал, шинэ гайхалтай зүйлстэй учрах талаараа бодож догдлох тохиолдол ч бий. Чамд ямар мэдрэмж төрж байгааг таашгүй ч шинэ оноо илүү бүтээлчээр, энэ оноосоо илүү ихийг хийж бүтээсэн, шинэлэг, сонирхолтой жил байгаасай гэж хүсч байгаа байх. Учир нь бид бүгд л шинэ эхлэлд дуртай…
Тиймээс өнөөдөр шинэ он маань гарч, 365 хуудастай дэвтэрнийхээ цоо шинэ хуудсыг нээхээс өмнө хийж амжуулах хэрэгтэй 8 зүйлсийг бичлээ. Сонирхоод заавал хэрэгжүүлээрэй.

#1 Шинэ төлөвлөгөөний дэвтэртэй болох /төлөвлөх/
Бичих, төлөвлөх дуртай бол 2018 оноос бичих эхлэх төлөвлөгөөний дэвтэртэй болоорой. Хийх зүйлс, том үйл явдлууд, биелүүлэх зорилго мөрөөдлүүд, өөртөө гаргах шинэчлэлтүүд, жижиг төлөвлөгөөнүүд гэх мэт 2018 оныг үр бүтээлтэйгээр өнгөрүүлэхэд чинь туслах зүйлсээ дэвтэр дээрээ жагсаа.

#2 Энэ жилийг хэрхэн өнгөрүүлснээ эргэж харах
Шинэ жил, цаашлаад олон олон баяр, гайхалтай үйл явдлууд биднийг хүлээж байгаа. Магадгүй өнөөдөр маш их догдолж, өнгөрснөө эргэж харах завгүй урагшилж байж болох ч 2017 оныг хэрхэн өнгөрүүлснээ, ямар төрлийн хүн байснаа эргэж харах хэрэгтэй. Учир нь удахгүй үдэж байгаа энэ онд сонирхолтой үйл явдлууд юу болсон, хамгийн жаргалтай мөчүүд чинь хэзээ байв, хамгийн том алдаа чинь гэх мэтчилэн өөрийнхөө байхыг хүссэн тэр хүн шигээ байж чадсан уу гэдгээ өөрөөсөө асууж, түүнээсээ суралцсанаар 2018 онд өөрийгөө илүү сайнаар хөгжүүлж чадна.

#3 Цэгцэлж, цэвэрлэх
Удаан хугацааны турш хэрэглээгүй атлаа байлгаад л байдаг хэрэггүй зүйлсээ он гарахаас өмнө зоригтойгоор хая. Хувцас, ном дэвтэр, жижиг зүйлсээ цэгцэлж хэрэггүй хэсгийг нь ялгаж хаях хамгийн тохиромжтой цаг. Зөвхөн чамайг жаргалтай болгодог зүйлсийг л өөртөө байлгаж байгаарай.

#4 Өөрийгөө эрхлүүлэх
Хичээл сургууль, ажлын стресст дарагдаад заримдаа өөрсдийгөө мартчих гээд байдаг тохиолдол байдаг. Тиймээс шинэ он гарч буйг далимдуулаад өөртөө дуртай зүйлсээ авч өгөөд өөрийгөө нэг эрхлүүлээрэй.

#5 2017 оныг мартагдашгүй болгох сүүлийн боломж!
Хуучин оноо үдэхээс өмнө 2017 оноо мартагдашгүй, дурсамжтай болгох “сонирхолтой” зүйлсийг хийхээ битгий мартаарай. Өмнө нь хийж үзээгүй зүйлсээ хийх, эсвэл зурагнуудаа даруулах, оны сүүлчийн аялал, үдэшлэг гээд аз жаргал, дурсамжийг бүтээхийг эрмэлзээрэй.

#6 2018 оныг чинь гэрэлтүүлэх плэйлист
Шинэ оноо эрч хүчтэйгээр, урам зоригтойгоор эхлүүлэхэд дуу хөгжим чухал. Тийм учраас цоо шинэ цоглог дуунуудаар плэйлистээ шинэчлээрэй.

#7 Шинэ жил чинь жилийн хамгийн гоё мөч…
Энэ шинэ жил дуусаад дахиад бүтэн жилийн дараа дараагийн шинэ жил болно. Яагаад “шинэ жил” гэх энэ мөчийг ашиглаад хамгийн нандин дурсамжуудаа бүтээж болохгүй гэж? Халуун шоколад хийж уугаад, гоё чимэглэлтэй кофешопуудаар орж сонирхож, дотны хүмүүстээ хөөрхөн чимэглэсэн бэлэгнүүд өгөөд өрөөгөө чимэглэж гацуураа засаад зүгээр л энэ оны шинэ жилийг мартагдашгүй өнгөрүүлэх боломжийг ашигла.

#8 2018 оныг гайхамшигтай болгохын тулд та юу хийж чадах вэ?
Хэсэгхэн хугацаанд ганцаараа суугаад 2018 онд энэ жилийнхээсээ ямар талууд дээрээ сайжирч хөгжиж дэвшмээр байгаагаа бодоорой. Энэ онд алдсан алдаагаа яаж дахин давтахгүй байх вэ? Шинэ хоббитой болох хэрэгтэй юу? Ямар дурсамжуудыг бүтээлцэж,  юу хийж, хаагуур аялаж, яаж аз жаргалтай мөчүүдийг амьдралдаа нэмэх талаараа эргэцүүлээрэй. 

Xoxo, Joy