Өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдлөө олох нь яагаад чухал вэ? / Яаж олох вэ? 🌟

Хүсэл мөрөөдөл. Биднийг урагш түлхэж, бууж өгмөөр санагдсан үед, гайхалтай зорилгуудыг минь сануулж, урам зориг бэлэглэдэг шидтэй атлаа бас хэцүү зүйл. 

Жаахан байхад, “чи том болоод юу болох вэ?” гэж асуухад бидний ихэнхи нь багш, эмч, эсвэл ямар нэгэн мэргэжлийг эргэн тойрноосоо үлгэр жишээ аван яридаг. Би ч гэсэн тэгж мөрөөдөж байх үедээ хүсэл мөрөөдөл яагаад бидэнд байдаг, яагаад түүнд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг вэ? гэдгийг ойлгодоггүй байсан, яг л бидний бяцхан хүүхдүүд, дүү нар шиг, эсвэл одоог хүртэл хүсэл мөрөөдлөө олоогүй яваа “томчууд” шиг. 

Зарим хүмүүс их дээд сургуульд орохдоо яг л төгсөөд мөнгө олж амьдрахын тулд л тэнцэх гэж яардаг юм шиг харагддаг. Гэхдээ үнэндээ өөрийн дотор гэрэлтэх бяцхан хүсэл мөрөөдлөө олж, түүнийгээ дагах нь мөнгө олохоос илүү чухал. Яагаад? 

✧ @joyenny ✧

Учир нь та ажлаа аз жаргалтайгаар хийж чадна. Үнэндээ энэ танд ажил ч гэж санагдахгүй, даваа гарагийн өглөө эрч хүчтэйгээр босоод бүтэн өдөржин өөрийн дурладаг, хүсч тэмүүлдэг зүйлээ хийсээр аз жаргалтайгаар орой гэртээ харина. Хэн ч таныг зогсоохгүй. Алдаж оносон ч амжилт гаргах хүртэл та дурладаг ажилдаа улайран шамдана. Хүчээр биш, өөрийнхөө хүслээр хийж байгаа учраас хийж байгаа зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулж хийх болно. Амжилт гаргах үед та юу юунаас илүү баярлаж илүү их урам зоригийг түүнээсээ авна.  

kimburgerly animation gif loop pink GIF

Яаж өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдлөө олох вэ? 

  1. Юу чамд инээмсэглэл бэлэглэдэг вэ? Сонсох төдийд л дотроос чинь огшоод л, баярлаад ирдэг тийм сэдэв? мэргэжил? эсвэл хобби байгаа юу? Үргэлж хиймээр, зориод биелүүлмээр санагддаг… Тийм бол магадгүй тэр зүйл чинь чиний тэмүүлэл байж мэднэ.
  2. Юу чамд амархан санагддаг вэ? Үнэхээр бидний хүсч тэмүүлдэг зүйлээ бид хялбархнаар хийх тохиолдол байдаг. Найзууд чинь чамаас тэр тал дээр тусламж авах гэж оролддог, хийгээд ч хэзээд ч уйдамгүй… төсөөлөгдөж байна уу?
  3. Ямар зүйл дээр чи хамгийн бүтээлч байдаг вэ? Үргэлж шинэ, содон, хөгжилтэй санаа орж ирдэг, ямагт бүтээлчээр ханддаг тийм зүйл бий юу? 
  4. Чи ямар зүйлийг үнэгүй хийх байсан бэ? Мөнгө олохгүй ч гэсэн, зүгээр л үргэлж хийж, хүч хөдөлмөрөө зарцуулж байхад л гайхалтай санагддаг? 
  5. Чи юуны тухай ярих дуртай вэ? Найзуудтайгаа ярилцаад сууж байхдаа санаандгүй чи тэр сэдвээр үргэлж ярьчихдаг, ярьсаар байвч хэзээ ч уйддаггүй. Сонирхолтой санагдсаар л байдаг тэр зүйл чинь? 
  6. Чамайг уналтаас айлгахгүй байгаа тэр зүйл юу вэ? Хэрвээ бид нэг зүйлд үнэхээр хүсэл тэмүүлэлтэй болчихвол бид өөрсдийн чадвартаа бүрэн итгэлтэй болдог. Энэ нь алдаа дутагдал, санаа зоволтыг хөөж орхино, тэгээд ч дуртай хийж байхдаа бид юу гэж унаж, унасан ч бууж өгөх билээ?
  7. Ямар зүйлийг чи оролдож үзсэндээ хэзээ ч харамсахгүй байх вэ? Амьдралын чинь төгсгөл ирчихлээ гэвэл чи ямар зүйлийг зүгээр л оролдож үзээгүйдээ харамсах вэ? Их мөнгө олж чадаагүйдээ юу? Мэдээж үгүй. 

Дээрх асуултуудад хариулаад үзэхэд жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж харж байна уу? Үгүй бол дахиад оролдоод үзээрэй. Тэгээд энэ аялалаа хэзээ ч битгий зогсоогоорой, хэзээ ч битгий бууж өгөөрэй. Чи тогооч, зураач, дуучин, жүжигчин, баллетын бүжигчин, зохиолч, юу ч болохыг хүсч байсан гэсэн хүсэл мөрөөдлөөсөө битгий ичээрэй, хүссэн зүйлээ ядаж оролдоод үзэх эрх чөлөөг өөртөө олгоорой, учир нь чи чадна шүү дээ! 

#БоломжХэзээдБайдаг  

Xxxx, Your Dearest Joy❤️