20-иод насандаа эзэмшсэн байх хэрэгтэй 6 чадвар

20-иод насан дээрээ бид амьдралаа төвхнүүлээд, аль хэдийн байр сууриа олчихсон байх ёстой гэж боддог хүмүүс цөөнгүй. Гэхдээ амьдралд суралцах зүйлс олон бий учраас үнэндээ өөрийгөө хөгжүүлж, өсч дэвшиж байх нас бол 20иод нас чинь гэдгийг санаад нийтлэлээ уншаарай.

Их сургууль төгсөөд л боловсролтой болж, сурах зүйл дууссан гэж ойлгож болохгүй. Хичнээн их зүйлийг сурсан цаана нь суралцах зүйлс хязгааргүй байдгаас гадна цаг гарган мэдэж авсан чадвар бүр бидний амьдралд шинэ боломж, шинэ хаалгыг нээж байдаг.  Тиймээс, зүгээр л үргэлжлүүлэн суралцъя?

#1 Өөрийн биеэ анхаарч хайрлаж сурах

Ямар төрлийн хоол хүнс биед чинь тохирдог, ямар төрлийн хүнсээс зайгаа барих хэрэгтэй вэ гэдгийг мэдэж ав. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийн чухлыг ойлгож мэд, бас чиний голдог тэр “төгс бус” биеийн чинь хэсгүүд эцсийн эцэст чамайг бүтээдэг гэдгийг ойлгоорой. Эрүүл мэнд хэзээд нэгдүгээрт байх хэрэгтэйг санаад ганцхан байх биеэ хайрлаарай. 

#2 Жижиг яриа үүсгэх чадвартай болох

Олны дунд сошиал медиагаа ухаад доош харж суухын оронд хэрхэн сонирхолтой яриаг үүсгэх талаар суралцах нь амьдралын чинь туршид хэрэг болох үнэтэй чадваруудын нэг болно. Хэдийгээр эвгүй байж болох ч,  зориг гаргасан тэр хэдхэн минут шинэ нөхөрлөл, шинэ санаа бодлуудыг бий болгох боломжийг нээхийг үгүйсгэхгүй.

#3 Хоол хийж сурах

Хоол хийж сурна гэдэг мөн л чухал чадвар. Гэртээ өөртөө хоол хийснээр эрүүл байж, гадуур хооллох хэрэгцээ багасана гээд үр дүнгүүд маш их. Энгийн хоолнуудыг дахин дахин хийх бус онцгой тохиолдлуудад бэлтгэж болох чадвар шаардсан жоруудыг туршиж үзээд сурвал ямар ч үед алзахгүй болно.

#4 Өөрийнхөө төлөө зоригтой байж сурах

Ажил, сургууль, гэр бүл гээд хаана ч байсан хэн нэгэн чамайг дорд үзэх боломжийг хэзээ ч битгий олго. Жижиг маргаануудад чимээгүй өнгөрөх нь зөв ч, хэрэгтэй үед дуугаа өргөлгүйгээр харин ухаалгаар бөгөөд зоригтойгоор өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Уурлаж байгаа бол түүнийгээ гарга, дотроо хадгалах нь чамд л хортой.

#5 Шүүмжлэл зэмлэлийг хүлээж авч сурах

Бидний 20 нас хувь хүний хувьд ч, академик тал дээр ч хичээл сургамж, өөрийгөө хөгжүүлэх цаг хугацаагаар дүүрэн байдаг. Тиймээс заримдаа “үгүй” гэж сонсох мөн шүүмжлүүлж зэмлүүлэх үе ч байгаа гэдгийг ойлгож тэдгээр үеүдэд итгэл алдралгүй хүсч буй зүйлрүүгээ хөдөлмөрлөсөөр байх нь чухал гэдгийг суралцах хэрэгтэй. Хүссэнээр болдоггүй зүйлс хүн бүрийн амьдралд, мөн үргэлж тохиосоор л байдаг.  Тиймээс өөдрөг бай. 

#6 Томоор мөрөөдөж, томоор сэтгэж сурах

Том мөрөөдлүүд л биднийг хурцалж, бууж өгөлгүй хөдөлмөрлөх хүчийг өгдөг. Тэдгээр мөрөөдлүүд хэдэн сар, хэдэн жилийг шаардаж болох ч боломжгүй зүйл гэж үгүй. Чиний 20н нас марафон болохоос биш ойрын зайн гүйлт биш. Тиймээс бусдын харж байгаагын цаадхыг харж, томоор сэтгэж чадвал урд чинь тааралдаж саад бэрхшээлүүд ч том санагдахаа болино.

Xoxo, Joy❤️