Суралцаж хичээлээ хийх сонирхолтой аргууд

 

Хэдийгээр бидний ирээдүйд хэрэгтэй ч, заримдаа өдөржингөө лекценд сууж, даалгавар хийж суух том зовлон шиг л санагдах үеүүд байдаг. За тэгээд, хааяадаа хичээлээ ойлгохгүй бол бүр харанхуйлаад ирнэ шүү дээ. Гэхдээ эргээд харахад тийм ч хэцүү санагдахгүй байх үе бий. Хэдийгээр хэцүү байдаг ч, мөрөөдлийнхөө төлөө өдөрт хэдэн цагаар сууж даалгавраа хийж хөдөлмөрлөдөг сурагчид ч байдаг. Тэгэхээр тэдгээр сурагчдын нууцыг хуваалцаж чамайг ч гэсэн онц сурлагатан болоход чинь туслая 😉

unnamed.gif

Тусламж ав

Явж байгаад гэнэт нэг хичээлээ ойлгохоо байчихлаа, гэтэл ангийхан чинь ойлгоод байдаг. Энэ үе хамгийн муухай үе тийм үү? Тэгэхээр яг ийм үеийг чи зүгээр л цагаа хүлээгээд гараад явчихаж болохгүй. Бусад нь чадаж байгаа юм чинь чи ч гэсэн чадах учиртай. Тиймээс 1т, хичээлээ дуусахаар багшаасаа тусламж гуйж, өнөөдөр ойлгоогүйгээ асуу. 2т, ойлгож байгаа найзаасаа асуу. 3т, хэрвээ найз чинь ч ойлгоогүй бол өөр хэн нэгнээс хамтдаа асууж, хамтдаа давт. Хичээлийн дундуур багшаасаа юм асуухаасаа битгий ич, ингэснээр багш чинь чамайг ахихыг хүсч буйг чинь харж илүү дэмжиж өгнө. Багш нар чамд юм сургах гэж буй болохоос биш, дүн тавих гэж багш болоогүй гэдгийг санаарай. Би ихэвчлэн математикаа ойлгодоггүй, тиймээс матедаа сайн найзтайгаа амралтын өдрөөр номын санд сууж, би өөрөө түүнд мэддэг хичээлээсээ зааж өгдөг.

Хөгжилтэйгээр суралц, эсвэл зүгээр л хөгжилд

giphy.gif

Дуртай киногоо үз, эсвэл нэг сайн сууж байгаад дараа нь найзуудтайгаа гар. Өнгө өнгийн балаар бичээд унш, суралцаж байхдаа холбогдолтой зураг зураад буд, наалддаг цаасаар хэрэгтэй зүйлсээ тэмдэглэ. Гоё санагдаж л байвал туршаад үз. Би лав харандаануудаа лакаар будчихдаг хихи.

Зүгээр л завсарлага ав

Сайн суралцана гэдэг нь шөнийн 1,2 хүртэл дэвтрээ ширтээд эвшээгээд суухыг хэлэхгүй. 20-30 минут суралцаж байгаад 5-10 минут завсарлага аваад түүнийгээ өөртөө зориул. Дуг хийчих, инстаграмаа ухсан ч яахав, хөнгөхөөн дасгал сунгалт хийчих эсвэл зүгээр л дуугаа чангалж байгаад бүжиглээрэй. Илүү их энерги, илүү их эрч хүчтэй байж л эерэгээр суралцана шүү дээ.

Өөр өөр суралцах аргуудыг турш

Анх удаа би англи хэлээ ахиулахаар шийдэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан. Чамд ч гэсэн тэгж мэдрэгдэж буй. Тэгээд л хүмүүс хаанаас эхлэх вэ? гэж байнга асуудаг. Гэхдээ хамгийн сайн арга юу гээч? бүгдийг нь турших. Хүмүүсийн хариултыг хүлээж байхаар зүгээр л эхлэ. Уншаад үз, кино үз, тодруулагч хэрэглэ, дуу сонс, аппууд тат, харилц, заа, флашкартууд хий, битгий залхуур. Хөгжилтэйгээр бүгдийг нь турш. Ингэх явцдаа чи мөн өөрийнхөө сурах арга барилыг илүү их таниж мэдэх болно. Дараагийн удаа хаанаас эхлэх вэ? гэж асуух шаардлагагүй. Яагаад гэвэл чи аль хэдийг эхлэчихсэн.

Дуртай хичээлийн хэрэглэлүүдээ авч хэрэглэ

Чи энэ жилийг ганцхан үзэгтэй эхлээгүй байлтай. Хүн бүр дэлгүүрт ороол гоё зурагтай дэвтэр, эсвэл сонирхдог энгийн хэрнээ чамин тийм хичээлийн хэрэглэлүүдийг харж дотроо битүүхэн мөрөөддөг. Тэд ид шидээр чамайг онц сурлагатан болгохгүй ч, урам зориг өгөх болно. Би жишээ нь олон өнгийн тодруулагч, гоё хэлбэртэй наадаг цааснуудад дуртай, хэрэгтэй үедээ тэднийгээ хэрэглээд дараа нь дэвтрээ нээгээд харахад нээх урамтай байдаг. Чи ч гэсэн туршаад үзээрэй.

Унтаж амар

Хичээлээ хийсэн бол эрт унтаж сур. Тогтмол унтах цагтай, сэрэх цагтай болох хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд, их унтаж амрах нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Тиймээс маргааш өглөө хичээлээ ойлгож сурмаар л байвал унтаж амрах хэрэгтэй.

Шөнөжингөө сууж суралцана гэдэг үнэндээ том саад болдог

Гэртээ ирэнгүүтээ л шууд даалгавраа хийж, бие даалт, шалгалтандаа бэлдэх нь шөнийн шар шувуу болж өглөө нь өөрийгөө ядрааж эвшээлгэхээс хавьгүй дээр. Бүх зүйлсээ түр хойш тавиад зөвхөн хэдхэн цаг хичээлдээ анхаарлаа хандуулчихвал дараа нь тэртээ тэргүй чамд чөлөөт цаг гарна шүү дээ.

Хэрвээ чи чадахгүй, ойлгохгүй байгаа бол битгий шантар, битгий хэт их хүндрүүлж бод

Хэрвээ чи яагаад ч аль нэг хичээлээ ойлгохгүй байгаа бол зүгээр л амраад дараа нь дахиад өөр арга бод. Хамгийн чухал нь чи үүнийг давахгүй л бол үхчихгүй учраас хэт их хичээл, дүнгийн төлөө битгий өөрийгөө зовоо. Тайвнаар, найзтайгаа хамт, багштайгаа хамт ярилц, юу нь болохгүй юуг нь яагаад ойлгохгүй байгаагаа ойлгоод дахиад л оролдоод үз. Үнэндээ чи тэр мундаг хүүхдүүд шиг лаг байх албагүй ш дээ. Чамд өөрийн гэсэн онцгой чадвар заавал бий. Тиймээс өөрийгөө юу ч чадахгүй гэж бодох хэрэггүй.

  • khulan

    Goe medeelelluud oruulj bna bayarlalaa .amjilt husie

  • Enkhjin

    Баярлалаа Хулаан ????