Англи хэлээ сайжруулах үр дүнтэй аргууд

Өнөөдөр англи хэл бидэнд гадаадад чанартай боловсрол эзэмшиж, дэлхийгээр аялж, дэлхийн хүн болж өсч дэвших маш өргөн боломжийг өгч байгаа хэл. Тиймдээ ч тэр олон олон сурагчид, залуучууд англи хэлийг чадлаараа эзэмшихээр мэрийж, бүхий л боломж бололцоог хайж байгаа.

Нилээн хүмүүс англи хэл сурсан туршлагаасаа хуваалцаач гэсэн учраас өөрийнхөө мааш өчүүхэн сурч мэдсэнээсээ л өнөөдөр та нартай хуваалцъя. Би айхтар мундаг хэлтэй биш учраас бяцхан зөвлөгөөнүүдийг, хэрэгтэй эх сурвалжтай нь хамтатгалаа. 

1. Дүрэм, үгийн баялагаа сайжруулахдаа:

Эхлээд өөрт тохирох түвшний дүрмийн номыг олох хэрэгтэй. Миний хувьд “Grammar in use” гэсэн номны анхан, дунд, гүнзгий түвшний номнууд их үр дүнтэй. Өдөр бүр нэг дүрэм үзэж, бататгаж, давтаж байвал амархан сурна. Гол нь дахин дахин давтах. 

Үгийн баялагаа нэмэгдүүлэхдээ би эх орчуулах аргыг ашигласан. Заавал эх, эсээ биш өөрийн сонирхолд таарах нийтлэлүүд, бяцхан түүхүүд, дууны үг гэх мэт төрөл бүрийн зүйлс орчуулж болно. Гагцхүү дундаас нь хаялгүй тууштай орчуулж, шинэ үгнүүдээ алдалгүй бичиж авах хэрэгтэй. Бас ном унших маш үр дүнтэй шүү.

2. Сонсгол болон дуудлагаа сайжруулахдаа:

Мэдээж сонсох дасгал хийх их үр дүнтэй. Гэхдээ арай зугаатай бөгөөд хялбар арга бол кино үзэх. Англи хэл дээр үзэх олон ангит кинонууд маш их, тиймээс өөрт сонирхолтой киногоо хадмалтай нь сонгоод үзвэл өөрийн мэдэлгүй дагаад ярьмаар санагдана. Хэлснийг дагаад яг сэтгэл хөдлөлтэй нь дуурайгаад хэлвэл ярианы чадварт их үр дүнтэй. Англи хэл дээр хадмалтай кино үзэх боломжтой сайтууд:

ororo.tv   /зөвхөн олон ангит цувралууд/
subsmovies.tv
Санал болгох цувралууд: The Gilmore Girls, The Vampire Diaries, 13 Reasons Why…

Сонсголоо сайжруулахдаа кино үзэхээс гадна дуу, илтгэлүүд буюу подкастууд сонсож болно. Нэг онцлог нь хоол хийж байхдаа ч, гэрээ цэвэрлэж, гадуур явж байхдаа ч сонсоод явах боломжтой нь гоё.

book and university image

3. Бичих чадвараа сайжруулахдаа:

Хэрвээ бичих чадвараа сайжруулмаар байвал бичээд л бай гэж зөвлөмөөр байна. Гэхдээ зүгээр л бичих биш, өнөөдөр сурсан дүрэм, өнөөдөр сурсан шинэ үгсээ ашиглаад өдрийн тэмдэглэл, товчхон эсээ, эсвэл блог нээгээд англи хэл дээр блог хөтлөх хэрэгтэй. Миний хувьд шинэ сурсан зүйлсээ ашиглаад англиар блог хөтлөдөг, тэмдэглэл хөтөлдөг байв. Үр дүнд нь дүрмээ, үгээ ашиглаж сурсан, дахиж мартахааргүй болсон. Үнэгүй блог нээх боломжтой сайтууд: 

wordpress.com
blogger.com

Гадаадын их дээд сургуулиудад орох бол академик англи хэл дээр бичих чадвартай, үгийн баялагтай болох шаардлагатай. Би нь харин тэр талаар мэдлэг маруухан. 

4. Амьдралын хэв маяг болгох:

Хэрвээ үнэхээр л англи хэлийг сайн сурмаар байвал өөртөө өдөр бүр англи хэлтэй ямар нэг байдлаар холбогдох боломжийг олгох хэрэгтэй. Англи хэл сураад Гүүгл ахаас юу ч асуусан хариулт байж учраас олон мянган зүйлсийг судалж мэдэж болно. Өдөрт нэг цаг нам суугаад ном шагайх ч албагүй /хэрэв шаардлагагүй бол/, дуртай цувралаасаа нэг анги үзээд, нэг хуудас ном уншаад, аймар сонирхолтой нийтлэл уншиж, эсвэл өдрийн тэмдэглэл дээрээ өөрийн бодлуудаа тэмдэглэхэд л үр дүн гарч л байдаг. Юу гэх гээд байна вэ? гэхээр өдөр бүр сурснаа давтаж, өөртөө дадал бий болгох хэрэгтэй. Аяндаа сураад л ирнэ. 

Нийтлэлүүд олж унших боломжтой сайтууд: 

medium.com
pinterest.com